Overblog
Edit post Follow this blog Administration + Create my blog
Хятадад суралцах хөтөч

Хятадад суралцаж буй Монгол оюутнуудад тулгардаг түгээмэл бэрхшээлүүд

November 11 2017 , Written by Tumurbat Published on #Хятадад сурч буй оюутнуудад тулгарч буй бэрхшээлүүд

Хятадад боловсролын экспортоороо дамжуулан бодлогоо хүлээн зөвшөөрүүлэх үүднээс гадаад оюутнуудад бүхий л бололцоогоороо гар сунгах болсон нь Хятадад сурах Монгол оюутнуудын тоог эрс нэмэгдүүлсэн нь сайн талтай ч хэл соёлын өөр орчинд сурна гэдэг гэр орон, ойр дотныхноосоо хол, өөр хоол хүнс, цаг агаар, ахуй орчинд сурч хөдөлмөрлөх шаардлагатай тул их тэвчээр шаарддаг. Хятадад тэтгэлэгтэй суралцах эрх авлаа л бол ихэнхи хүүхдүүдийн сэтгэл нь ханачихдаг. Эцэг эхчүүд ч үр хүүхдээ сайхан газар ном сурах нь гэж ойлгодог. Энд сурахаар ирсэн л бол дөнгөж л эхэлж байгаа нь тэр.
ITP TOEFL эсвэл НSК-н оноо хуурамчаар гаргуулаад, сургуульд зуучлуулж ирээд тэтгэлэг авлаа гэхэд хичээлээ ойлгохгүй, даалгавараа хийж чадахгүй, шалгалтаа амжилттай өгдөг нь тийм ч олон биш, жил эсвэл улирал бүрийн голч дүнг харгалзан үзэж байж, тэтгэлэг сунгах эсэхээ сургууль шийдвэрлэдэг. Монгол багш шиг хичээлээ хийгээд өгөөч гэж Хятад багш нар гуйхгүй, шаардахгүй, хятад багш нартай харилцахад их бэрхшээлтэй тул Монгол оюутнууд ч мэрийхгүй, багш нар ч дуугүй байж байгаад л дүн тавчихна. Засгийн газар, муж хотын болон сургуулийн тэтгэлэгийн шалгуураа хангаж чадахгүй хасагдах тохиолдол Монгол оюутнуудын дунд цөөнгүй гардаг. Манайхан тэтгэлэг нь ямар бэ гэж асуухаас ямар сургууль, ямар газар, ямар орчинд сурах гэж байгаа, өөрт чинь тохирох хөтөлбөр, мэргэжил мөн үү гэдгээ өөрөөсөө асуулгүй, бусдын саналаар хаа хамаагүй ямар ч оюутанг авахад бэлэн сургуульд зуучладаг тул сурахдаа мэрийдэггүй. Зуучлагч байгууллагууд нь Хятадад сурч байсан нь ховор, мэдээллийг ч хангалтай өгөх чадваргүй. Хүлээн авч буй сургууль нь гадаад оюутнуудад чиглүүлэх мэдээллийг тэр бүр өгдөггүй.

Сургуулиасаа хасагдсан зарим хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзлэл нь унтарч, өөртөө итгэлгүй болж байгаа нь харамсалтай. Тэдний дийлэнх нь эрэгтэй хүүхдүүд байгааг эцэг эхчүүд анхааралдаа авууштай. Хятад хэлээр суралцаж буй бакалаврын суралцагчдийн дийлэнх нь тэтгэлэгээ алдах, хасагдах эрсдэл өндөртэй байдаг нь дээр өгүүлсэнчлэн хэлний бэрхшээлээс гадна сурах чадвар, зорилгоо ухамсарлаагүй байгаатай үндсэндээ холбоотой.
Энд хэн нэгнээс хуулах, аргалах, мэхлэх, найрах тэр бүр боломжгүй. Хятадын их сургуулиудад хятад хэлээр суралцах тийм амар зүйл биш. Багш хятадаар ярина, унших материал, гэрийн даалгавар, шалгалт дандаа англи хэлээр байх нь бий. Нэг хичээлээр л гэхэд л 800 гаруй хуудастай зузаан ном өгнө. 1 улиралд доод тал нь 3 боть ном үзэх шаардлагатай болно. Ойлгохгүй зүйлээ Хятад хүүхдээс асууяа гэхээр хэлж буй зүйлийг нь ойлгохгүй, оюутнуудыг сурлагаар нь жагсаадаг тул сэтгэлээсээ туслах нь юу л бол. Монгол хүүхдүүд нийлээд сагс тоглоод байдаг хирнээ нийлээд хичээлээ давтахаа мэдэхгүй, уруу татах, цаг нөгцөөх, тоглох нь их, хэн нэгнээсээ асууя гэтэл бас л өөртэй нь адил бэрхшээлтэй, ингээд л хэл соёлоороо гадуурхагдаад ирэхээр нийлээд хэрэг төвөгт орооцолдоход хүрнэ. 
Сургуульд өрөө материалаа бүрдүүлээд суралцах эрхээ авч чадахгүй бол их сургуульд сурах бэлтгэл чинь хангагдаагүй байна гэсэн үг. Их сургуульд сурах чадвартай байхын тулд хэлний шалгалтаа хамгийн түрүүнд давах хэрэгтэй. Огт суургүй байгаад 1 жилийн дотор хичээлээ ойлгох хэмжээнд хятад хэл сурна гэдэг дийлэнх оюутнуудын хувьд бас л эргэлзээтэй. Хэлний шалгалтаа давахгүй бол тэтгэлэгийг нь бас л зогсооно.

Ямар ч сургуульд элсэн суралцах боломж дүүрэн байхад өндөр үнээр зуучлуулаад хасагдах эсвэл тэтгэлэгээ алдаж байгаа бол хэний буруу вэ? Манай зуучилж байгаа сургууль дэлхийн шилдэг их сургуулийн нэг нь, ажил хийх боломжтой, ирээд өөр сургуульд шилжих боломжтой, 1 жилийн дотор хэлээ сураад тэтгэлэгээ үргэлжлүүлээд 4 жил тэтгэлэгтэй сурах эрхтэй гэх мэтчилэн өрөөсгөл мэдээлэлд хууртагдаж ирсэн маш олон хүүхдүүд бий. Хятад хүмүүс өөрсдөө ч ажил олоод хийх боломж хомс байхад гадаад оюутанд ямар ажил олдох вэ, олдлоо ч хуулиараа гадаад оюутанд ажил хийх зөвшөөрөл өгдөггүй. Хятадад ирээд амилтгүй сурах бас нэг шалтгаан нь зуучлуулсан байгууллагаас буруу ташаа, хангалтгүй мэдээлэл авч ирсэнтэй шууд холбоотой. Зуучлуулсан бол ядаж хэлний чадвараа сайжруулах хэрэгтэй. Хэлний шалгалтыг өөрийн чадлаар давах чадвартай болтлоо их зүйлд суралцдаг. Мэдээж инжинер, менежментээр сурах бол математик сайн байх хэрэгтэй. Нэг зүйлийг дурдахад Хятад бол Хятад хэлтэн орон учраас англи хэлээр сурна гэдэг бас бэрхшээлтэй, англи хэлний ярианы орчин байхгүй тул ихээхэн өрөөсгөл байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Гадаад оюутан ба хятад оюутанг хамт дотуур байранд байлгадаггүй тул Монгол оюутанд ярианы чадвар дутмаг байх нэг нөхцөл болж байна. 
Хятадад сурах гэж байгаа бол өөр хэл соёлын орчинд дасан зохицох чадвартай байхаас гадна сайтар бэлтгэлтэй ирэх шаардлагатай болдог. Мэдээж бүх оюутанд дээрх бэрхшээлүүд тулгардаггүй ч дөнгөж ахлах сургуулиа төгсөөд ирж буй хүүхдүүдэд дийлэнхдээ тулгардаг гэдгийг хэлье.

 

Асууж тодруулах зүйл байвал манай групээс асууж болно.

Share this post

Repost0
To be informed of the latest articles, subscribe:

Comment on this post

burnee 11/17/2020 11:42

gehdee hiigeed bahad boldimdoo

Altanzul 11/12/2017 01:09

Yaag vnen, Iim l bdaltai bdag.