Overblog All blogs Top blogs Jobs, Education & Studies
Edit post Follow this blog Administration + Create my blog
MENU
Advertising
Хятадад суралцах хөтөч

Хятадад анх удаа сурахад юуг анхаарах вэ?

August 26 2017 , Written by Tumurbat Published on #Анх удаа хятадад сурахаар очиж байгаа бол юу авч очих вэ?

Дэлхийд өөрийн бодлогоо хүлээн зөвшөөрүүлэх үүднээс Хятадын засгийн газар асар их хөрөнгө зарцуулж байгаагын үрээр сүүлийн жилүүдэд Монгол оюутнууд Хятадад голдуу тэтгэлэгтэй сурч байна. Тэтгэлэгтэй сурахын тулд Хятад оюутнууд асар их шүүлтүүр давдаг бол Монгол оюутнууд их азтай гэж хэлж болох ч нөгөө талаар Хятадад сурна гэдэг нэг талаар амар биш. Ингээд  Хятадад анх удаа очиж сурах гэж буй та бүхэнд дараах зөвлөгөө өгье.

1.Соёл. Монгол оюутнуудын хувьд Хятадад соёлын цочролд орох нь бага хэдий ч  Хятад асар өргөн уудам нутагтай тэр хирээр янз бүрийн амьдралын үнэт зүйлс, хандлагтай. Хятадад Монгол үндэстнүүд амьдардаг тул Монгол хүнийг ялгаварлах нь бага бөгөөд Монгол хүн Хятадад очоод царайны хувьд нэг их анзаарагдахгүй. Зарим тосгод гадаад хүнд хаалттай ханддаг байхад зарим томоохон хотууд маш нээлттэй. Хятадад хувь хүн гэсэн ойлголт чухал биш агаад, Хятад оюутнууд багшийгаа их хүндэлдэг, бизнесийн ихэнхи хөтөлбөрийг эс тооцвол хичээл нь голдуу хэлэлцүүлэг гэхээс илүүтэй лекц хэлбэрээр өрнөх бөгөөд хувь хүний үнэт зүйл, сонирхол, таашаал тэр бүр чухал биш.

2.Хятад хэл ихээхэн чухал. Хятад хэлгүйгээр хятадад сурч амьдарна гэдэг төсөөлөхөд бас л бэрх. Англи хэлээр хичээлээ үзэх бол Бээжин, Шанхай хотууд орчны хувьд боломж өндөртэй ч жижиг хотуудад тийм ч амар биш. Урт хугацаанд сурахаар төлөвлөсөн бол Хятад хэл сурах нь маш ач холбогдолтой.  

3.Олон нийтийн сүлжээний хэрэгслүүд ихээхэн хязгаарлагдмал. Facebook, Youtube, Twitter гэх мэт интернэт дэх олон нийтийн сүлжээний хэрэгслүүд хязгаарлагдмал байх агаад google-ийг Baidu, “WeChat” нь твиттерийг, фэйсбүүкийг “Ren Ren” орлохоор  Хятадууд зохиосон  байдаг. Хятад дахь Монголчууд VPN гэх тэдгээр сайтуудын блокыг гаргадаг утасны аппликэйшн хэрэглэдэг учир Хятадад ирэхээсээ өмнө үнэгүй VPN-үүдийг утас болон компьютертээ суулгах хэрэгтэй. Мөн Wechat-ыг ашиглан ярих, мэдээлэл солилцсоноор утасны нэгж бага гүйх тул гэр бүлийнхээ гишүүдийн утсанд Wechat суулгаж өгч болно. Хятадад CHINA UNICOM, CHINA MOBILE гэх мэт утасны операторуудын сүлжээнээс сонголт хийн дугаар авч болно. Дугаар авахдаа хэрэглээний багцаа сонгож болно. Тухайлбал, CHINA UNICOM 1 сарын 27 юань буюу хамгийн хямд багц бөгөөд 450 мб дата эрх, улс даяар 50 мин ярих эрх болон 50 мессейж эрх үнэгүй. Утасны нэгж энд картаар байдаггүй учраас Вичат эсвэл Алипэй-ээ ашиглаад шууд утаснаасаа цэнэглээд явдаг. Өөрөө чадахгүй бол өөр хэн нэгэнд дугаараа өгөөд цэнэглүүлж болно.  Wechat wallet-тай болсны дараа хятад банкныхаа карттай холбоод мөнгө шилжүүлэх болон хүлээн авахад ямар ч саадгүй болох юм. Түүнчлэн утасны төлбөр төлөх, дата авах, онгоц, галт тэрэг, кино театрын тасалбар авах зэрэг бүх төрлөөр вичатаа хэрэглэх бөгөөд 0,1 хувийн шимтгэлтэй.
4.Аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй. Хятадын их сургуулиудад өөр хэл, соёл бүхий орнуудын оюутнуудын хооронд зодоон гардагаас гадна хулгай, дээрэм тэр дундаа Өмнөд Хятадад багагүй гардаг тул дотуур байр болон сургуулийн хотхоноос гадуур явахдаа ихээхэн болгоомжтой байх хэрэгтэй. Мөнгө болон чухал бичиг баримтаа найдвартай газраа хадгалах, оюутны үнэмлэхээ биедээ байнга авч явна. Хятадад луйвраас сэргийлбэл зохино. Гадаадын иргэд Хятадад их хэмжээгээр бэлэн мөнгө авч явах, анхаарал болгоомжгүй байх, орчноо сайн мэдэхгүй байх нь луйварчдын олз болох шалтгаан болдог. тухайлбал, бохир мөнгө угаах үзэгдэл хятадад түгээмэл бөгөөд их хэмжээний мөнгөн дэвсгэр дотор хуурамч мөнгөн дэвсгэрт байх магадлалтай. Тэр дундаа 50 ба 100-ын дэвсгэртийг наандаж нимгэн байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. АТМ-ээс мөнгө авахдаа санаа зовох зүйлгүй. Харин жижиглэн худалдаа хийгчдээс мөнгөө хариулж авахдаа сайтар шалгах нь зөв. Хууль бус такси тэр дундаа Бээжингийн нисэх онгоцны буудал болон жуулчдын бүсэд жуулчдад асар өндөр үнээр үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний хөлсөө авахдаа хуурамч мөнгөөр хурдан сольж, мөнгө чинь хуурамч байна гээд буцааж өгөх тохиолдол байдаг. Тухайлбал хуурамч тоолуур ашиглах нь элбэг. Зөвшөөрөлтэй таксинд суухыг зөвлөж байна. Очих газар, буух буудал, гарцаа мэдэж байвал метро нь  илүү амар. Цайны газарт гэмгүй царайлсан охидууд тэр дундаа яриа өдөн ойртох бөгөөд идэж уусан зүйлээ төлөхгүй алга болох зэргээр асар өндөр үнэтэй төлбөрт унагаах тохиолдол байдаг. Зарим цайны газрууд үнэтэй зүйлээ шууд тулгаж үйлчилгээ үзүүлэх тохиолдол ч байна. 

5.Сургуулиа сайн судал. Хятадад ирэхээс өмнө сургуулийнхаа цахим хуудаснаас шаардагдах бүх мэдээллийг авах ёстой. Үүнд хаана аль хотхонд нь хүрч очих, тухайлбал зарим сургууль 2-оос дээш газар кампустай байх бөгөөд аль кампуст нь очих, хэрхэн бүртгүүлэх, юу авч явах ёстой байдаг, дүрэм журам нь ямар болох гэх мэтээр судалгаа хийнэ.

6.Зуучлалын агентууд, хувь хүмүүс. Зуучлалын агентууд болон бусад эх сурвалжаас буруу мэдээлэл авсны улмаас санхүүгийн ямар нэг эх үүсвэргүйгээр Хятадад ирж буй оюутнууд Хятадад ажил хийж, сургалтын төлбөр болон бусад зардлаа олох ямар ч боломжгүй. Ийм учраас суралцахыг сонирхож буй сургуулийн цахим хуудас болон цахим шуудан эцсийн хариу, үнэ зөв мэдээлэл болох учиртай тул хэн нэгний хэлсэн ярьсан зүйл баттай баримт болох албагүй.

7.Дүрэм журам хатуу. Жолооны үнэмлэхгүйгээр мотоцикль унахыг хориглодогоос гадна асуудал үүсгэвэл асар их торгууль төлөх эсвэл сургуулиас хөөгдөх хүртэл шийтгэл хүлээдэг гэх мэтчилэн хууль дүрмийг чанд баримтлах шаардлагатай болдог. 

8.Гомдол гаргах. Өөрийг чинь чанга шийтгэсэн эсвэл өөрт ноогдуулсан заалтын талаар гомдолтой бол сургуульдаа хандаж дахин тодруулах эрхтэй.

9.Хятадын соёлыг заавал сурах үүрэгтэй. Хятадын засгийн газар гадаад оюутныг сургахтай холбоотой нэгэн шинэ журам энэ оны 7-р сарын 1-нээс мөрдөж эхлэхээр боловсруулсан бөгөөд тухайлбал 25-р зүйлд боловсролын агуулгад Хятадын уламжлалт соёл, заншил, үзэл санаа, үндэсний оюун санаа, хууль, дүрэм журамтай холбоотой зүйлсийг заахыг үүрэг болгоод байна.

10.Цаг агаар. Хятад өргөн уудам газар нутагтай тул цаг агаар харилцан адилгүй агаад хойд зүгрүүгээ илүү зундаа халуун, өвөлдөө хүйтэн байдаг бол өмнөд зүгрүүгээ өвөлдөө жиндүүвтэр, зундаа бүгчим, өвөлдөө жиндүүвтэр тул ямар ч хувцас хэрэгтэй. Өмнө зүгийн нутгууд өвөлдөө дулаан талдаа тул сургуулиудын байруудад халаат байхгүй тул өрөөндөө суухад даарах тул эсгийн углааш аваад явахад илүүдэхгүй. Мэдээж зарим сургуулиудын дотуур байр өрөөндөө агааржуулагчтай байдаг бол заримд нь байдаггүй, зарим сургуулийн дотуур байрны шал паркетен байхад, зарим нь плитагаар байдаг. Бас байнга бороо ордог чийг ихтэй өмнө зүгийн хотуудад ор хөнжлийн даавуу чийг татах тул нимгэн одеялон хөнжил, ноолууран цамц авч ирэхэд болно. Иймээс очихоосоо өмнө сурах гэж байгаа сургуулийнхаа байрладаг хот, мужийн цаг агаарыг судлах хэрэгтэй. 

​​​​​​11.Ачаалал даах чадвар чухал. Хятадын их сургуулиудад бие даах чадвар маш сайн байх ёстой бөгөөд унших материал ихтэй тул ачаалал даах чадвар маш чухал. Мэдээж аль нэг хэлний мэдлэг их чухал хэдий ч Монгол оюутуудын дутагдал бол бие даах чадвар бөгөөд Хятад багш багш хэзээ ч шахаж, шаардахгүй. Бүх зүйл өөрийн чинь зохион байгуулалт, хөдөлмөрөөс ихээхэн хамаарна. Бакалавраар суралцах гэж буй оюутны хувьд эхний 1-2 жил амаргүй жил байдаг. Анх удаа оюутан болж буй хүний хувьд англи болон хятад хэлээр мэргэжлийн сурах бичиг, багшийн лекцийг эх хэлний сэтгэхүйгээрээ ойлгоход бэршээлтэй талууд ажиглагдсан. Иймээс эхний ээлжинд ядаж мэргэжлийнхээ толь бичиг, эхний 1 жил үзэх сурах бичгийг монгол хэлээр аваад явахад илүүдэхгүй. Ихэнхи сургууль жил бүр оюутныг үнэлж, дүгнэж байж тэтгэлэгээ үргэжлүүлэн олгон эсэхээ шийдвэрлэдэг.

12.Хоол хүнс. Бээжин  гэх мэт хойд зүгийн хүмүүс мах, давс ихтэй хоол иддэг байхад өмнөд зүгийн нутгуудаар Монгол оюутнуудад идэхэд хэцүү, амт үнэтэй хоолнууд их байдаг. Маш их халуун ногоотой, мах огт байхгүй хоол хэрэглэдэг газар ч байна. Хамгийн чухал нь сургуулиа сонгохоос өмнө сайн судалгаа хийх хэрэгтэй. Ихэнхи байруудын эрүүл ахуй зэрэг шалтгаанаар крантны уснаас ууж болдоггүй, шүдээ ч угаадаггүй, ундны усаа худалдаж авч уух ба том 20 литртэй баллонтой ус гэхэд уднджаар 8 юань байдаг. 

13.Авч ирэх зүйлс.  Монголын аль нэгэн банкны олон улсад гүйлгээ хийх эрхтэй ам долларын болон union pay карт нээлгэвэл зүгээр, шимтгэл, үйлчилгээ зэргээрээ нэг их ялгагдахгүй тул, аль ч банкных байж болно.  Тухайн карт руу доллараар тооцож монгол төгрөг хийж болох бөгөөд банк тухайн өдрийнхөө долларын зарах ханшаар бодох ба хятадад олон улсын картаа хэрэглэн АТМ-ээс юань гаргаж авах бол тухайн хятад банкны тухайн өдрийн доллар авах ханшаар тооцож гүйлгээ хийх ба гүйлгээ хийсний шимтгэл нэмж тооцно. Хэрэв монгол банкны олон улсын карт авч явж байгаа бол тухайн картнаасаа хятад АТМ ашиглан мөнгө авахдаа бүх мөнгөө нэг дор авах нь зүйтэй. Учир нь 10 юань ч 1000 юань ч авсан гүйлгээ хийсэн банкны шимтгэл адилхан байх болно. ICBC, ABC гэх мэт түгээмэл банкнуудын карт нээлгэж болно. Учир нь эдгээр банкнуудын АТМ олдоц сайтай. Карт нээлгэхээр очиход заавал хятад утасны дугаартай болсон байх шаардлагатайгаас гадна утсандаа тухайн банкныхаа мобайл мэссэж үйлчилгээ нээлгэх хэрэгтэй. Сар бүрийн үйлчилгээний хөлс нь 3 орчим юань байдаг бөгөөд сар бүрийн тэтгэлэг орсон эсэхийг шалгах боломжтой. Засгийн газрын тэтгэлэгт оюутан бол BANK OF CHINA-д карт нээлгэх хэрэгтэй. Нээлгэсэн дансны мэдээллээ тэтгэлэг хариуцсан багшдаа өгөөд энэ картандаа сар бүр стипендээ хүлээн авна.  Монголоос мөнгө авах болон Монгол руу мөнгө шилжүүлэхдээ wechat дахь мөнгө шилжүүлдэг хүмүүст хандаж болно. Гэхдээ найдвартай хүмүүс байх шаардлагатай. Монголоос Хятад руу гүйлгээ хийсний шимтгэл гээд 20-30 юань авдаг бол Хятадаас Монгол руу бараг шимтгэлгүй байдаг. Монголд худалдаалагдаж байгаа ор хөнжлийн даавуу Хятадаас голдуу орж ирдэг бөгөөд үнийн хувьд төдийлөн ялгагдахгүй тул авч ирэх хэрэггүй. Харин зарим сургууль шинэ ор хөнжлийн даавуу, хөнжил, гудас өгдөг. Өөрөө Хятадад худалда авах бол дунджаар 350 юань байна. Хувцас хунар ч мөн Хятадад худалдаж авч болно. Ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг хятадад авч болох хэдий ч шүдний оо, шампунь зэрэг нь тохирохгүй байна гэдгийг сонсож байсан. Зарим олдоц багатай байж болох зүйлсийг супермаркетүүдээс авч болно. Шүд шарлах нь бага тул ундны баллонтой усаар угаавал шүд шарлах нь бага. Хэрэглээд дассан эм тангаа аваад явбал зүгээр. Сарын тэтгэмж шууд буухгүй тул 2000 орчим юаны 1-2 сарын хэрэглээний мөнгөтэй ирэх хэрэгтэй. Мэдээж, оршин суух үнэмлэх, эрүүл мэндийн үзлэг, байрны барьцаа, аяга тавагнаас эхлээд зардал гарах учир энэ бүгдийг тооцсон байх ёстой. Онгоцоор нисэхэд 20 кг ачааг хилээр төлбөргүй гаргах учир өөрийн хэрэглэж дассан зүйл, ор хөнжлийн давуу зэргээ ч авчирч болно. Гэхдээ хилээр гаргадаггүй барааны жагсаалт гэж бий. Оруулсан постыг хараарай. 

14.Сургуулийн хотхон тайван. Сургуулийн хотхоноос гадуур бохир нийтийн 00, заваан газрууд, хөглөрсөн хог, түгжрээтэй зам, луйвар залилан, хулгай дээрэм, гадаад хүмүүст  дургүй хандах хандлага ажиглагддаг тул шаардлагагүй бол сургуулийн хотхоноосоо дандаа гарах шаардлагагүй. Сургуулийн хотхонд хаа сайгүй хяналтын камер байрлуулсан байхаас гадна шаардлагатай тохиолдолд дараах дугааруудад дуудлага өгч болно. 

Цагдаа: 110

Галын дуудлага 119

Түргэн тусламж: 120

14.Сургуульдаа хүрч очихдоо. Анх удаа сургуулиа олж очих гэж буй бол таны цахим шууданруу сургуульруугаа хэрхэн хүрэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байх ёстой. Хэрвээ ирээгүй бол сургуульруугаа цахим шуудан илгээгээрэй. Нэг бол та элсэн суралцах урилга авсан сургуулийнхаа цахим хаягруу нь нэвтэрч сургуульдаа хэрхэн хүрэх тухай мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой. Зарим хүүхдүүд ийм мэдээлэл ирээгүй, алга байна гэдэг ч үнэхээр сургууль шиг сургууль бол ийм мэдээлэл заавал байх ёстой. Жишээ нь Tsinghua их сургууль гэхэд цахим хуудсныхаа International Students Office буландаа  сургуульдаа  ирэхийн өмнө виз хэрхэн мэдүүлэх, ямар материал бүрдүүлж авч ирэх, эрүүл мэндийн шинжилгээг хэрхэн өгөх, дотуур байранд хэрхэн орох гээд бүхий л мэдээллийг өгсөн байна. Жишээ нь Хятадад ямар дарааллаар сургуульдаа хүрч очих вэ гэдгийг a.Виза мэдүүлэхдээ өөрийн орон дахь Хятадын элчин сайдын яаманд 6 сараас дээш сурах бол Х1, 6 сараас доош сурах бол Х2 виз мэдүүлэхдээ суралцах урилга, визний маягт болон бусад бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Х1 визатай оюутан Хятадад ирээд мөн эрүүл мэндийн шинжилгээнд заавал хамрагдана. Өмнө нь Хятадын сурах виз хэрхэн хүсэх тухай өмнө нь дэлгэрэнгүй бичсэн тул шаардлагатай бол өмнөх постыг уншаарай. b.Дотуур байрыг Хятадад ирэхээс өмнө хүсэлтээ гаргадаг бөгөөд суралцагчийн хүсэл сонирхолд тэр бүр нийцүүлэх боломжгүй байх агаад захиалгаа онлайнаар бөглөн төлбөрөө бас төлдөг ажээ. Сургуулийн хотхоноос гадуур буюу дотуур байрнаас гадуур амьдрах бол заавал зөвшөөрөл авдаг бол гэрийн бүлийн хүнтэйгээ хамт амьдрах бол сургуультайгаа урьдчилан зөвшилцөх хэрэгтэй. Ингээд та бүхэн дараах холбоосоор сургуульруугаа хэрхэн хүрэх, ямар бичиг баримт бэлдэж очихийг харж болно. c.Онгоцны буудлаас анх удаа сургуульдаа хүрэх шаардлагатай бол хууль ёсны зөвшөөрөл бүхий нэгдсэн тэмдэг, өнгө бүхий таксинд суухыг сургуулиуд зөвлөдөг. Тухайлбал Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас Цинхуа ороход 35 км зам туулах ба 120 юаны зардал гарна. Хүсвэл автобусанд суух боломжтой ба заавал дамжих ёстой болдог бөгөөд зардлын хувьд ч арай хямд байдаг. d.Сургуулдаа ирж бүртгэл хийлгэсний дараа IC картаараа төлбөр тооцоо хийх боломжтой байдаг тул Хятадын банкинд данс нээлгүүлэх ёстой байх бөгөөд үүгээрээ төрөл бүрийн төлбөр тооцоо хийх боломжтой. e.Х1 виза нь 30 хоногын дотор хүчинтэй бөгөөд Хятадад ирсний дараа хугацаа дуусахаас ажлын 5 өдрийн дотор оршин суух зөвшөөрөл хүснэ. Оршин суух зөвшөөрөл хүсэхдээ сургуулынхаа гадаад оюутны албанд бүртгүүлэн эмнэлгийн даатгал болон хэрвээ төлбөрөө өөрөө төлөх бол сургалтын төлбөрөө төлж, сургалтын албанаас визны өргөдөл авч визний асуудал эрхэлсэн холбогдох агентад өгнө. Өөрийн сурах гэж буй сургуулийнхаа цахим хуудсаар орон дотуур байр, банкны үйлчилгээ, хичээлийн бүртгэл, цайны газар, интернэт, хичээлээ сонгох, эмнэлгийн үйлчилгээ, утас, сургуулийн журам, дүнгийн үнэлгээ гээд өөрт хэрэгтэй мэдэхийг хүссэн бүхий л үйлчилгээг авч болно. 

15.Хүүхдийн хамтаар суралцахаар явж байгаа бол. Сургуульдаа очоод визэндээ орсны дараа хүүхдээ эрүүл мэндийн даатгалд хамруулах хэрэгтэй. Засгийн газрын тэтгэлэг авсан оюутнуудыг харьяалах сургууль нь эрүүл мэндийн даатгалд хамруулдаг бол хүүхдийг нь хамруулдаггүй журамтай. Ус, хоол хүнс, цаг агаар зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хятадад очсоны дараа хүүхэд шинэ орчинд дасахын тулд багагүй хугацаа зарцуулдаг.  Нялх хүүхдэд  农夫山泉 гэсэн бичигтэй хүүхдийн ус хэрэглүүлбэл зохино. Хүүхэддээ нэмэлт тэжээл өгдөг бол эхний удаа Монголынх арай зохимстой. Хүүхдээ харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд бүртгүүлж, эх хүүхдийн эрүүл мэндийн гарын авлага авах ингэснээр хүүхдээ вакцинд үнэгүй хамрагдуулах, тогтсон саруудад ерөнхий үзлэг хийлгэх болон цусны ерөнхий шинжилгээ зэргийг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Эрүүл мэндийн төвийн ойролцоо хүүхдийн вакцины төв байх бөгөөд вакцины цахим бүртгэлд бүртгүүлж, вакцины ногоон дэвтэрээ авна. Уг дэвтэрийг дагалдан вакцины тайлбар ном ирэх бөгөөд үүнд вакцины тухай дэлгэрэнгүй тайлбар байх болн

16.Өөрийн сургуулийнхаа дотоод журам, хичээл сонголт болон бусад асуудлын талаар цахим хуудас болон суралцах гарын авлагаас нь тодорхой мэдээлэлтэй ирсэн байх хэрэгтэй. Хятадад анх ирэхэд юу авч ирэх, ямар материал бүрдүүлж ирэх, сургуульдаа хэрхэн хүрч очих, бүртгэл хийх зэрэг мэдээллийг өмнөх постууддаа дэлгэрэнгүй байрлуулсан тул харж болно. Сургуульдаа анх ирэхдээ ямар бичиг баримт авч ирэх ёстой вэ? Гол бичиг баримтаа хамгийн багадаа 2 хувь бэлдэж, хятад хэлрүү орчуулсан байх шаардлагатай. Үүнд Элсэн суралцах эрхийн бичиг(хуулбар), Хятадад сурах визаны өргөдлийн маягт(JW201/JW202 маягт) (эх хувиар), Хэрвээ өөрөө төлбөрөө төлөх бол төлбөр, Хамгийн багадаа 2 хувь цээж зураг, Эрүүл мэндийн шинжилгээний бичиг ба цусны шинжилгээний бичиг(шаардлагатай бол эх хувиар), Гэр бүлийн гишүүдийн гадаад паспорт, виз, гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ зэрэг нь Хятадад сурахаар ирэхдээ авч ирэх чухал бичиг баримтууд юм. Сургуулийн дүнгийн жагсаалт, банкны тодорхойлолт, багшийн болон ажил олгогчийн захиаг шаардлагатай үед зарим сургууль шаарддаг.

Мөн та бүхэн хятадруу газраар хэрхэн хүрч очих, хятадын хилээр хориглодог барааны жагсаалт бусад анхаарах зүйлс, хятадын сурах визэнд хэрхэн орох, эрүүл мэндийн бичгийг хэрхэн бүрдүүлэх зэрэг мэдээлэл сонирхож байгаа бол манай өмнөх болон дараах постуудыг уншаад үзээрэй. 

 

Та бүхэнд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Advertising
Share this post
Repost0
To be informed of the latest articles, subscribe:
Comment on this post